대통령기록관 홈페이지로 이동합니다

Тангараг өргөх ёслолд зориулан хэлсэн үг

Previous page

Итгэл найдварын шинэ эринийг эхлүүлэх
18 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан хэлсэн үг
2013 оны 2 сарын 25

“Итгэл найдварын шинэ эрин”

Эрхэм хүндэт иргэд ээ! Хилийн чанадад оршин суугч 7 сая иргэд ээ. Өнөөдөр би Бүгд Найрамдах Солонгос Улсын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож итгэл найдварын шинэ эринг эхлүүлнэ гэсэн чин эрмэлзэлтэйгээр энд зогсож байна.

Надад энэхүү хүндтэй бөгөөд түүхэн үүргийг даатгаж буй иргэд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлээд энд оролцож буй өмнөх ерөнхийлөгч Ли Мён Бак, мөн дэлхийн улс орон бүрээс баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн гадаад дотоодын хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд баярласнаа илэрхийлье.

Миний бие БНСУ-ын ерөнхийлөгчийн хувиар иргэд та бүхний санаа бодолд нийцүүлэн эдийн засгийн сэргээн босгож, ард иргэдээ аз жаргалтай, соёл урлагаа хөгжүүлэн баяжуулахыг хэрэгжүүлэх болно.

Хүчирхэг бөгөөд иргэд бүгдээрээ аз жаргалтай Солонгос улсыг бий болгоход би бүхнээ зориулах болно.

Ард иргэд ээ,
өнөөдрийн Бүгд Найрамдах Солонгос Улс олон иргэдийн хичээл зүтгэл, хөлс цусаар бий болсон билээ.

Хичээвэл бүтнэ гэх манай ард түмний хатуу эрмэлзэл, сэтгэлийн тэнхээ аж үйлдвэржүүлэлт болоод ардчиллыг зэрэг цогцлоон байгуулсан гайхамшигт түүхийг бүтээсэн юм.

Хан мөрний гайхамшиг гэж хэлэгддэг бидний түүх Германы уурхайд, халуу шатсан Ойрхи Дорнодын цөлд, үүр цайтал гэрэлтэй өнжих үйлдвэр болоод лаборатори дотор, хасах арван хэдэн хэмийн хүйтэнд галын шугам дээр ар гэр, эх орныхоо төлөө амь бие хайрлалгүй зүтгэсэн манай иргэдийн зүтгэлээр бий болсон юм.

Миний бие өнөөдрийн Бүгд Найрамдах Солонгос Улсыг бүтээн босгосон бүх иргэддээ гүн талархал илэрхийлье.

Хүндэт иргэдээ,
Орчин үеийн түүхийн их нугачаан дунд олон арван зовлон бэрхшээлийг туулж ирсэн манай үндэстний өмнө глобал эдийн засгийн хямрал, Умард Солонгосын цөмийн заналхийлэл зэрэг аюулгүй байдлын сорилтууд оршсоор байна.

Мөн түүнчлэн, глобал эдийн засгийн хямралын дараах капитализм бас шинэ сорилтуудтай тулгарч байна.

Энэхүү сорилтууд өмнөхөөс ялгаатай нь бид өөрсдийн шинэ замыг олж байж даван туулж чадах юм.

Шинэ замыг эрж олно гэдэг амаргүй үйл хэрэг.

Гэхдээ би Солонгосын ард түмэнд итгэл төгс байна.
Дайчин эрч хүчтэй ард түмнийхээ тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээд итгэж байна.
Бахархан гайхуулмаар ард түмнийхээ хамтаар би итгэл найдварын шинэ эрин, “Хан мөрний Хоёр дахь гайхамшиг”-ийг бүтээх их аянд гарах болно.


image Итгэл найдварын шинэ эринд хөтлөх болно. Иргэн хүн бүрийн аз жаргалын хэмжээ нь улс орны хүч чадал болон хуримтлагдаж, тэрхүү хүч нь манай үндэстний чадавхи болох болно.

Эдийн засгийг сэргээн босгох нь

Хүндэт иргэд ээ!
Миний бие өнөөдөр улс орныхоо хөгжил, иргэдийнхээ аз жаргалыг урьтал болгосон шинэ ирээдүйг бүтээхийн тулд бидний хандах чиг замыг санал болгож байна.

Шинэ засгийн газар “эдийн засгийн сэргээн босголт”, ард түмний аз жаргал, мөн соёл урлагаа баяжуулан хөгжүүлэх итгэл найдварын шинэ эринийг нээх болно.

Эдийн засгийг сэргээн босгохын тулд бүтээлч эдийн засаг, эдийн засгийн ардчиллыг хөгжүүлэх болно.

Дэлхий даяараа эдийн засгийн үзэл баримтлалаа өөрчилж байна.

Бүтээлч эдийн засаг нь шинжлэх ухаан технологи болон үйлдвэрлэлийг нэгтгэж, соёл болон үйлдвэрлэлийг хослуулан, аж үйлдвэр хоорондын хана хязгаарыг нураан тэдгээрийн уулзвар дээр бүтээлч байдлыг цэцэглүүлэх юм.

Зөвхөн зах зээлээ тэлэх гэсэн урьд өмнөх энгийн арга барилаас татгалзаж хосолмол байдлын хөрсөн дээр шинэ зах зээл, шинэ ажлын байрыг бий болгох болно.

Бүтээлч эдийн засгийн төвд миний гол зорилтот салбараа болгож буй шинжлэх ухаан технологи, мэдээллийн технологийн салбар байгаа юм.

Миний бие шинжлэх ухаан технологийг дэлхийн түвшинд хүргэж болно. Мөн энэхүү шинжлэх ухаан технологийг бүхий л салбарт нэвтрүүлж бүтээлч эдийн засгийг хэрэгжүүлэх болно.

Шинэ засгийн газрын Ирээдүйн төлөвлөлт, шинжлэх ухааны яам нь энэхүү шинэ үзэл баримтлалд нийцүүлж бүтээлч эдийн засгийг манлайлан хэрэгжүүлэх болно.

Бүтээлч эдийн засгийн цөм нь хүн юм. Одоо хүн нэг бүр улсынхаа үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгаа сэргээх цаг үе юм.

Дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт амжилт дүүрэн яваа олон мянган иргэд маань улсынхаа төлөө бие сэтгэлээ зориулах бололцоог нээх болно. Мөн дотоодын боловсон хүчнүүдийн бүтээлч байдал, хүсэл эрмэлзлээр дүүрэн цогц боловсон хүчин болгон өсгөж ирээдүйн Солонгос улсын үндэс суурь болгоно.

Бүтээлч эдийн засгийг цэцэглүүлэхийн тулд эдийн засгийн ардчиллыг хэрэгжүүлэх ёстой.

Зах зээлийн шударга зарчим тогтож байж ард иргэд бүгдээрээ итгэл найдвар өвөрлөн хөлсөө урсган ажиллах болно гэж би итгэдэг.

Хичээн чармайсан хүн бүр хөл дээрээ босч чадах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж том корпорациуд болон жижиг дунд компаниуд хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх нь миний зорьж буй эдийн засгийн гол зорилго юм.

Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд аж ахуй нэгжүүдийг мохоон цуцаах төрөл бүрийн шударга бус үйлдлийг таслан зогсоож, урьдын буруу хэвшлийг засч залруулан, аль салбарт юу эрхэлж байгаагаас хамаарахгүйгээр дор бүрнээ бүхий л чадвараа гарган харуулахыг идэвхийлэн дэмжих болно.

Манай эдийн засагт оролцож буй гишүүн бүр хамтдаа хүчээ нэгтгэвэл иргэд нь аз жаргалтай болж, улсын өрсөлдөх чадвар дээшлэх болно.

Миний бие энэхүү хөрсөн дээр эдийн засгаа сэргээн босгож, ард иргэд нь аз жаргалтай Хан мөрний хоёрдахь гайхамшгийг бүтээх болно.

Иргэдийн аж жаргал

Улс орон хичнээн хөгжсөн ч гэлээ ард иргэдийнх нь амьдрал амар тайван биш бол ямар ч утга учиргүй билээ.

Өтөлж хөгшрөхдөө санаа зовох зүйлгүй, хүүхэд гаргаж өсгөх нь туйлын аз жаргал болох үед иргэд нь аз жаргалтай эрин үе эхлэж байгаа хэрэг юм.

Амьдралын суурь нөхцлийг эдэлж чадахгүй болох вий хэмээн шаналан зовох нэг ч иргэн байж болохгүй юм.

Иргэн бүрт тохируулсан нийгмийн халамжийн суурь баримтлалаар иргэд нь санаа зовох зүйлгүй өөр өөрийн эрхэлсэн ажилдаа сэтгэл амар зүтгэж өөрийн авьяас чадавхиа гарган, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломжоор хангана.

Би хувь хүн бүр мөрөөдлөө биелүүлэх итгэл найдварын шинэ эринийг эхлүүлэх нь боловсролоос эхлэнэ гэж итгэдэг.

Боловсролоор дамжуулан хувь хүний нуугдмал авьяасыг аль болох хөгжүүлж, түүнийг идэвхийлэн дэмжих, хүн нэг бүрийн чадварт суурилан улс нь хөгжих шинэ системийг бий болгох ёстой.

“Ажлаа мэддэг хүн ажилдаа дуртай хүнийг үл гүйцэж, ажилдаа дуртай хүн ажлаа ташаан баясдаг хүнийг үл гүйцнэ” гэсэн үг байдаг.

Сурч мэдэхийг ташаан баясдаг, түүнд дуртай ард иргэд олон болсон үед жинхэнэ аз жаргалтай эрин үеийг эхлүүлж буй хэрэг юм.

Ямар ч улс орны хувьд хамгийн чухал баялаг нь хүн юм.

Хувь хүний чадвар хаагдаж, бүтээлч байдал алдагдсан нэг хэвийн царцанги өрсөлдөөнд баригдмал байх юм бол бидний ирээдүй ч царцаж орхих юм.

Би бага залуугаасаа сурагч бүрийн нөөц чадварыг нээж олох нь улсын хөгжлийн хөдөлгөгч хүч гэж итгэж ирсэн.

Цаашид сурагч нэг бүрийн авьяас чадварыг эрж нээн өөр өөрсдийн эрхэм мөрөөдлийг биелүүлж түүгээрээ үнэлүүлэх боловсролын системийг бий болгон нийгэмд гараад ч гайхам чадвартай боловсон хүчин болгох болно.

Боловсролын зэрэг, цаасан үзүүлэлтээр бүх зүйл шийдэгддэг нийгэмд хувь хүний мөрөөдөл, авьяас хөгжих боломжгүй бөгөөд итгэл найдвар ч урган цэцэглэхгүй юм.

Хувь хүний мөрөөдөл, авьяас үр өгөөжөө өгдөг болгохын тулд бид нийгмээ боловсролын үнэлгээ шүтсэн бус чанар чадвар шүтсэн болгож өөрчлөх болно.

Мөн түүнчлэн ард иргэдийн амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь ард иргэдийн аз жаргалын үндсэн нөхцөл юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын хаана ч байсан, эмэгтэйчүүд болоод хөгжлийн бэрхшээлтэй хэн ч бай бүгд санаа амар амьдарч чадахгүй амар тайван нийгмийг бий болгохын төлөө засгийн газар бүх нөөц чадлаа төвлөрүүлэх болно.

Хүч чадал бус шударга хууль хэрэгждэг нийгэм, нийгмийн эмзэг хэсэгт хууль нь шударга ёсны хамгаалалт болж өгдөг нийгмийг бүтээх болно.

Соёл урлагаа баяжуулах нь

Хүндэт иргэд ээ, 21-р зуун бол соёл нь улсын хүчийг харуулах эрин юм. Иргэн нэг бүрийн бүтээлч сэтгэхүй контент болох эрин юм.

Өнөөдөр “Солонгосын давалгаа” дэлхийн хүмүүсийн хайрыг татаж, баяр баясгалан аз жаргал бэлэглэж байгаа бөгөөд манай иргэдийн томоохон бахархал болж байна. Энэ нь манай улсын 5 мянган жилийн цэцэглүүлэн хөгжүүлсэн биет болон биет бус соёлын өв, оюун санааны соёлын үндсэн дээр бий болж байгаа юм.

Шинэ засгийн газраас өөрсдийн энэхүү оюун санааны соёлын үнэ цэнийг арвижуулж, нийгмийн өнцөг булан бүрт соёлын үнэ цэнийг шингээн ард нийтээрээ амьдрал ахуйдаа соёлыг хүртэх боломжтой болгоно.

Соёлын үнэ цэнээр нийгэмд үүссэн зөрчлийг илааршуулж, нутаг хоорондын, үе хоорондын мөн давхарга хоорондын соёлын ялгааг арилган, өдөр тутмын амьдралд болоод нийгмийн халамжид соёлын үнэ цэнийг шингээж, соёлоор дамжин аз жаргалыг хүртэх улс болгоно.

Төрөл бүрийн жанрын уран бүтээлийг дэмжиж, соёл урлаг болоод орчин үеийн технологи хослуулсан контентын үйлдвэрлэлийг хөгжүүлснээр бүтээлч эдийн засгийг урагшлуулж, шинэ ажлын байрыг бүтээх болно.

Арьс өнгө, хэл, үзэл бодол болон ёс заншлыг давж дэлхий нийтээр нэгдэх соёл, хүн төрөлхтөний энх тайвны хөгжилд хувь нэмэр оруулж, баяр баяслыг хуваалцах соёл, шинэ эриний амьдралыг өөрчлөх “соёлын мандан бадрал”-ын эрин үеийг иргэд та бүхэнтэйгээ хамт эхлүүлэх болно.

Хүндэт иргэд ээ, Ард түмний аз жаргал нь иргэд нь амар амгалан, тайван аюулгүй байхад сая биеллээ олно. Би иргэдийнхээ амь нас, улсынхаа аюулгүй байдалд занал учруулж буй аливаа үйлдлийг хүлцэн тэвчихгүй.

Сүүлийн үеийн Умард Солонгосын цөмийн туршилт нь манай иргэдийн амь нас, ирээдүйд заналхийлж байгаа явдал бөгөөд түүний хамгийн гол хохирогч нь Умард Солонгос өөрөө байх болно гэдгийг гарцаагүй ойлгох ёстой юм.
Умард Солонгос нь нэн даруй цөмийн туршилтаа зогсоож, эв найрамдалтай хамтдаа хөгжих замруу гарч ирэхийг хүсч байна.

Цаашид цөмийн туршилт болон пуужин бүтээхэд хайран хөрөнгөө үрж, дэлхий нийтээс нүүрээ бууруулан ганцаардмал байхаас татгалзан, олон улсын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болон хамтдаа хөгжинө гэж найдаж байна. Өнөөдөр бидэнд учирч буй аюулгүй байдлын нөхцөл туйлын ярвигтай боловч энэ байрандаа л зогсоод байж болохгүй билээ.

Миний бие Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж Солонгос үндэстэн нийтээрээ элбэг хангалуун, эрх чөлөөтэй амьдарч, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой аз жаргалтай, эв нэгдлийн эрин зууны суурийг тавихыг хүсч байна.

Бодитой хоригт суурилан Умард Өмнөд Солонгос хооронд итгэлцлийг хэрэгжүүлэхийн тулд алхам алхмаар ургашлах болно.

Харилцан ярилцаж, амалснаа биелүүлдэг болсон тэр үед итгэлцэл бэхжинэ. Умард Солонгос олон улсын нийгэмлэгийн зарчмыг дагаж мөрдөн, зөв сонголт хийж, Солонгосын хойгийн процесст дэвшил гаргахыг хүсч байна.

Миний мөрөөдөж буй иргэд нь аз жаргалтай эрин үе бол Солонгосын хойг дээр аз жаргалтай эринийг эхлүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтээрээ аз жаргалтай байх эринийг эхлүүлэхэд хувь нэмэр оруулах цаг үе юм.

Цаашид Азид хурцадмал байдал, зөрчлийг арилгаж энх тайван хамтын ажиллагааг улам бүр дэлгэрүүлэхийн тулд АНУ, БНХАУ, Япон, ОХУ зэрэг Азийн болон бүс нутгийн бусад орнуудтай улам ойр дотно итгэлцлийг бэхжүүлэх болно.

Цаашлаад дэлхийн хөршүүдийнхээ зовлон бэрхшээлийг хуваалцаж, дэлхий нийтийн асуудалд ч хувь нэмэр оруулдаг БНСУ болох болно.

Хүндэт Солонгос иргэд ээ, Өнөөдөр би БНСУ-ын 18 дахь удаагийн ерөнхийлөгчийн албыг эхлүүлж байна. Энэхүү хүндтэй албыг хариуцуулсан иргэд та бүхэнтэй хамт шинэ итгэл найдварын үеийг заавал эхлүүлэх болно.

Улсынхаа төрийн хэргийг ерөнхийлөгч хариуцаж, улсынхаа хувь заяаг ард түмэн шийддэг билээ. Бүгд Найрамдах Солонгос Улс ургашлах шинэ аянд иргэд та бүхэн хүчээ нэгтгэн эрч нэмэхийг хүсье.

Улс орон ард түмэн хамтын замыг туулж, улсынхаа хөгжил болоод ард түмнийхээ аз жаргалыг тэргүүн эгнээнд тавьсан тогтолцоог бүтээх шинэ эриний гараан дээр өнөөдөр бид зогсож байна

Бид тэрхүү замаар амжилттай алхахын тулд засгийн газар болоод иргэд нь бие биедээ эргэлзэхгүй итгэж хамтын замыг туулах ёстой.

Би цэвэр бөгөөд нээлттэй, чадварлаг засгийн газрыг гарцаагүй бий болгож иргэд та бүхнийхээ итгэлийг олох болно. Иргэдийн төрдөө үл итгэх эргэлзээг арилгаж, итгэлийн хөрөнгийг бүрэлдүүлэх болно.
Иргэд та бүхэн ч гэсэн өөр өөрсдийн байр сууриар зөвхөн өөрийгөө бус нийтийн эрх ашгийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэж өгөхийг хүсье.

Хүнд хэцүү цагт бид шошын үрийг хуваан идэж байсан билээ. Бидний өвөг дээдэс намар орой илжгэн чих хураангаа шаазгайн хоол болгож хэдийг үлдээдэг өгөөмөр найрсаг сэтгэлтэй байсан юм. Гэ болон пүмаши-тай адил санхүүгийн асуудал, ажлын ачааллыг олонтойгоо хамтран шийддэг уламжлалтай үндэстэн билээ бид.

Энэхүү өв ухаанаа дахин сэргээж, хариуцлагатай бөгөөд бусдыгаа хүндэтгэдэг нийгмийг байгуулбал бид бүгдийн хүсч мөрөөдөж буй ард иргэд нь аз жаргалтай шинэ эринг гарцаагүй бүтээх болно.

Эдгээр нь зүг чигээ алдсан капитализмын шинэ загвар болох бөгөөд дэлхий нийтэд учирч буй таамаглах аргагүй хэт ирээдүйг шийдэх хамгийн үлгэр жишээ хариулт болох болно.

Иргэд та бүхэн би болоод манай засгийн газарт итгэж, шинэ ирээдүйг зорьсон аянд маань нэгдээрэй.

Иргэд бид бүгдээрээ ахин нэг удаа Хан мөрний шинэ гайхамшгийг бүтээж гайхамшгийн эзэд болохын төлөө хүчээ нэгтгэн иргэд нь аз жаргалтай итгэл найдвар дүүрэн шинэ эринийг бүтээцгээе.

Баярлалаа.

БНСУ-ын ерөнхийлөгч





Park Geun-hye
Пак Гын Хэ
БНСУ-ын ерөнхийлөгч

TOP